Хэрэв таны машин чичирч салганаад, хүйтэнд доголдож байвал агаар оруулах хоолойн хавхалга дээр тортог тогтож бохирдсон байх өндөр магадлалтай юм. Энэ үзэгдэл нь 60,000км-ээс дээш зам туулсан машинуудад түгээмэл илэрдэг бөгөөд тос сальник жийргэвчийн завсраар алдагдсантай холбоотой байдаг.
Энэ асуудал нь эрс тэс уур амьсгалтай, хүйтэн халууны улиралтай орнуудад тулгамддаг гол асуудлуудын нэг юм. Моторын тосоо тогтмол солиулдаг шиг агаар оруулах хоолой буюу коллектороо, холимгийн хаалтаа жил бүр урсгал үйлчилгээ хийлгэх үедээ цэвэрлүүлж байхыг зөвлөж байна.
Агаар оруулах систем бохирдсон үеийн шинж тэмдэгүүд
Машинаа ямар ч асуудалгүй ажиллуулж унахад ихээхэн арчилгаа тордлого шаардлагатай байдаг. Урсгал үйлчилгээгээ цаг тухайд нь хийлгэж байх хэрэгтэй бөгөөд үүнд моторын тосоо солиулах, бусад шингэнүүдээ үзүүлж шалгуулж, шаардлагатай бол солиулах, төрөл бүрийн цэвэрлэгээ арчилгааны бүтээгдэхүүн үйлчилгээ авах зэрэг багтана. Эдгээр аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй үйлчилгээнүүдээ хийлгэснээр үнэтэй засвар хийлгэх, эд анги шинээр авч солих зэрэг толгой өвтгөсөн асуудлуудаас хол байх юм. Таны машины агаар оруулах хоолой буюу коллектор нь тогтмол цэвэрлүүлж байх шаардлагатай эд ангиудын нэг бөгөөд холимгийн хаалтаа цэвэрлүүлж байснаар олон асуудлуудаас сэргийлэх болно.
Шинж тэмдэгүүд
Үр дүнтэй цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийлгэх нь агаарын урсгал мэдрэгч болон бусад эд ангиуд дээр бохирдол тогтохоос сэргийлэх чухал үүрэгтэй. Бохирдол нь эд ангиудын үүргээ бүрэн гүйцэтгэх боломжийг алдагдуулж, улмаар бөглөрөл үүсгэж машины хэвийн ажиллагааг алдагдуулах сөрөг үр дагавартай юм. Дараах шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд нэн даруй цэвэрлэгээ хийлгээрэй:
- Машин асахад хөдөлгүүр ширүүн дугарах
- Нормалдах үед салганаж чичрэх
- Өгсүүр замд эсвэл өөр машин чирэх үед хүч алдах, доголдох
- Хааз гишгэхэд хөдөлгүүрийн хариу үйлдэл удаан байх
- Хурд авах явц удаашрах
Хэрэв эдгээр шинж тэмдэгүүд илэрвэл таны машины агаар оруулах систем бохирдож цэвэрлэгээ хийлгэх шаардлагатай болсон байна гэсэн үг. Агаар оруулах системд: агаар оруулах хоолой буюу коллектор, холимгийн хаалт (хавхалга), агаарын урсгал мэдрэгч (MAF sensor) зэрэг багтана. Агаар оруулах системээ бохирдсон үед нь даруй цэвэрлэх, бохирдохоос нь өмнө урсгал үйлчилгээний үеэр урьдчилан сэргийлэх үүднээс тогтмол цэвэрлэх нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг хангаж, санаа амар давхихад чухал нөлөөтэй шүү!