Агаарын урсгал мэдрэгч гэж юу вэ?

MAF Sensor (Mass Airflow Sensor) буюу агаарын урсгал мэдрэгч нь хөдөлгүүрт оруулах агаарын хэмжээ болон температурыг хэмждэг эд анги юм. Уг хэмжигч нь агаар оруулах хоолой дотор холимгийн хаалт эсвэл агаар шүүгчтэй ойрхон байрладаг.

Агаарын урсгал мэдрэгч нь хөдөлгүүрт орж байгаа агаарын хэмжээг тогтоож хөдөлгүүрийг удирдах модуль буюу ECM-д мэдээлэл дамжуулах үүрэгтэй. ECM нь уг мэдээллийн дагуу хөдөлгүүрт шахах шатахуун түлшний хэмжээг тооцоолж, агаар болон шатахууны холимгийн тэнцвэртэй байдлыг зохицуулдаг байна. Ингэснээр хөдөлгүүрийн хэвийн ажиллагаа болон шатахуун түлшний ашигтай зарцуулалт хангагдахын зэрэгцээ ялгаруулж байгаа утааг хянах боломжтой болдог.

Агаарын урсгал мэдрэгч нь урт хугацааны туршид тоос шороо элдэв гадны биетээс болж бохирдон зөв мэдээллийг дамжуулж чадахгүйд хүрдэг бөгөөд улмаар хөдөлгүүрийн ажиллагаа муудах, идэлт ихсэх, мотор асаахад асуудал үүсэх зэрэг сөрөг дагавартай тулгардаг. Хэрэв мэдрэгчийн хэвийн ажиллагаа алдагдвал хөдөлгүүрийн шар гэрэл асаж ч болох юм. Иймд агаарын урсгал мэдрэгчээ тогтмол цэвэрлэж, эсвэл шинээр солиулах нь хөдөлгүүрийн үйл ажиллагааг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй.

Хэзээ, ямар давтамжтай агаарын урсгал мэдрэгчээ цэвэрлэх вэ?

MAF Sensor-ийг аливаа автомашины урсгал завсар үйлчилгээний үед тогтмол цэвэрлүүлэх нь зүйтэй. Монголын нөхцөлд 10,000км – 15,000км тутамд буюу жилдээ 1-2 удаа цэвэрлүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг юм. Мөн дээр дурьдсан моторын ажиллагаа муудах, идэлт ихсэх, асаах үед асуудал үүсэх зэрэг бохирдолтой мэдрэгчийн шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд тэр даруй цэвэрлүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хөдөлгүүрийн шар гэрэл асаж компьютер оношилгоогоор MAF Sensor-той холбоотой алдаа илэрвэл мэдрэгчээ цэвэрлүүлэх арга хэмжээ авч болно. Агаарын урсгал мэдрэгчээ цэвэрлүүлэхээс өмнө давхар моторын агаар шүүгчээ шалгаж үзэх хэрэгтэй юм. Агаар шүүгч хэр их бохирдолтой байгааг шалгаж, шаардлагатай бол солиулах нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь моторын агаар шүүгч, агаарын урсгал мэдрэгч хоёр нь шууд хамааралтай бөгөөд бохирдож бөглөрсөн агаар шүүгч нь мэдрэгчийн ажиллагааг алдагдуулж байж болзошгүй. Агаарын урсгал мэдрэгчийг тогтмол цэвэрлэх нь аливаа автомашиныг унах үед асуудалгүй, хөнгөн зөөлхөн байлгах хамгийн энгийн, зардал багатай арга юм.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.

Яагаад заавал цэвэрлүүлэх ёстой вэ?

Агаарын урсгал мэдрэгчийг цэвэрлэх зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд учир нь агаартай цуг сорогдох тоос шороо бусад гадны биетүүд нь аажмаар мэдрэгч дээр бохирдол тогтоож байдаг. Улмаар MAF Sensor хөдөлгүүрт нэвтэрч байгаа агаарын хэмжээг зөв хэмжиж, хэмжсэн мэдээллээ дамжуулж чадахгүйд хүрэх юм. Ингэснээр олон сөрөг үр дагавар үүснэ:

  • Хөдөлгүүрийн ажиллагаа сулрах: Бохирдолтой агаарын урсгал мэдрэгч нь моторын хэвийн ажиллагааг алдагдуулж, улмаар хурд авахгүй болох, хүч алдах, нормалдах үед машин салгалж чичрэх зэрэг үзэгдлүүд илэрнэ.
  • Шатахуун түлш идэлт ихсэх: Агаарын урсгал мэдрэгч бохирдвол хөдөлгүүрт шаардлагатай агаар дутуу оруулж, үүнийг нөхөхийн тулд илүү хэмжээний бензин түлш шахаж эхэлдэг.
  • Мотор асах явц муудах: Бохирдолтой мэдрэгч нь мотор асах явцыг удаашруулж гацаах, бүр асаахгүй болгох ч эрсдэлтэй.
  • Хөдөлгүүрийн шар гэрэл асах: Мэдрэгчийн хэвийн ажиллагаа алдагдвал хөдөлгүүрийн шар гэрэл асаах зааврыг компьютер өгдөг.

Агаарын урсгал мэдрэгчийг тогтмол цэвэрлэх нь аливаа автомашиныг унах үед асуудалгүй, хөнгөн зөөлхөн байлгах хамгийн энгийн, зардал багатай арга юм. Ингэж цэвэрлэх нь ECM буюу хөдөлгүүрийг удирдах модуль нь моторт шахах шатахуун түлшний хэмжээг зөв тооцоолж, агаар болон шатахууны холимгийн тэнцвэртэй байдлыг зохицуулахад туслах болно. Бохирдолгүй цэвэр, хэвийн ажиллагаа нь алдагдаагүй агаарын урсгал мэдрэгч нь дээр дурьдсан сөрөг үр дагаваруудаас сэргийлнэ.

Харин яаж цэвэрлэх вэ?

Агаарын урсгал мэдрэгчийг цэвэрлэх ерөнхий алхамууд:

  1. Хөдөлгүүрээ унтрааж хөргөөх.
  2. Агаарын урсгал мэдрэгчээ олох. Ихэвчлэн агаар оруулах хоолой дотор, холимгийн хаалт эсвэл агаар шүүгчтэй ойрхон байрладаг.
  3. Мэдрэгчийг агаар оруулах хоолой дотроос маш болгоомжтой тайлж авах.
  4. Тусгай зориулалтын MAF Sensor цэвэрлэгч бодис ашиглан шүршиж цэвэрлэх. Ингэхдээ маш эмзэг электрон эд анги тул цэвэрлэх зааврыг ягштал дагаж мөрдөх. Түүнчлэн цэвэрлэгч бодис нь химийн найрлагатай тул хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөж зүүх.
  5. Мэдрэгчийг буцааж суурилуулан хөдөлгүүрээ асааж ямар нэг асуудал, элдэв дуу чимээ гарч байгаа эсэхийг шалгаж үзэх.
  6. Агаар шүүгчээ хамтад нь шалгаж үзээд цэвэрлэх, шаардлагатай бол шинээр солих.

Хэдийгээр эдгээр цэвэрлэгээний алхамууд хялбар энгийн мэт санагдаж байж болох ч хэрэв таньд өмнө нь машины эд ангиудтай тулж ажиллаж байсан туршлага эсвэл шаардлагатай багаж хэрэгсэл байхгүй бол мэргэжлийн механиктай сервист хандаж цэвэрлүүлэх нь зүйтэй юм. Мөн тухайн автомашины үйлдвэрлэгчийн гарын авлагыг уншиж зааврыг дагаж мөрдөөрэй. Учир нь машин бүр харилцан адилгүй цэвэрлэх заавар зөвлөгөөтэй байдаг шүү.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.