Тос тосолгооны бүтээгдэхүүнүүд нь машинд таарах таарахгүй гэж бий. Автомашин үйлдвэрлэгчид нь таны машины баталгаат хугацаа хүчинтэй байгаа үед заавал тухайн үйлдвэрлэгчийн өөрийн тос эсвэл батлагдсан стандарттай тос хийхийг шаарддаг юм. Хэрэв батлагдсан стандартгүй, эсвэл дүйцэхүйц стандартгүй тос хэрэглэвэл таны машины баталгаат хугацаа хүчингүй болж, хөдөлгүүрт тань ямар нэг асуудал гарвал үйлдвэрлэгчээс засах, солих ямар нэг арга хэмжээ авахгүй гэсэн үг. Машин тань эвдэрч зогсвол үйлдвэрлэгчээс нэн түрүүнд тосны дээж явуулахыг шаарддаг бөгөөд лабораторийн туршилтаар шууд л стандарттай тос хийсэн байна уу, үгүй юу гэдгийг тань гаргаад ирнэ.
Зөвхөн таган дээрх тосыг л хийх ёстой юу?
Автомашин үйлдвэрлэгчид тосны таган дээрээ тодорхой нэг брэндийн логог байршуулж, жолоочийн гарын авлага дээрээ брэндийн нэр дурьдах нь цөөнгүй тааралдана. Гэхдээ энэ бол зүгээр л нэг маркетингийн бодлого бөгөөд олон тооны жолооч үүнийг сохороор дагаж тухайн брэндийн тосыг л машиндаа хийдэг юм.
Мэргэжлийн зөвлөгөө: Зөвхөн тосны таган дээр зааж өгсөн брэндийг санал болгодоггүйн учир
Автомашин үйлдвэрлэгчид нь тосны таган дээрээ лого байршуулах эрхийг олон сая еврогоор зардаг. Яг л хөлбөмбөг болон бусад спортын багууд өмсгөл дээрээ ивээн тэтгэгчийн нэр байршуулдаг шиг өөр өөр машины загвар дээр өөр өөр тос тосолгооны брэндийн лого байршуулахдаа олон саяын гэрээг байгуулдаг юм. Машинаа үйлдвэрээс нь гаргахдаа хийх тосыг тухайн брэндээс үнэгүй авч оронд нь логог нь таган дээрээ байршуулж өгдөг гэж мөн ойлгож болно. Ингээд л жолооч нар тархиа угаалгаж зөвхөн машиныхаа таган дээр байгаа логотой тосыг л хийх ёстой юм байна гэсэн буруу ойлголттой олон жил явдаг байна.
Эдгээр лого байршуулах эрхийг тос тосолгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үнэ хаялцан худалдаж авдаг тул маш их хэмжээний мөнгө энэ зах зээлд эргэлддэг юм. Их мөнгө хаяж эрх олж авсан брэндүүд нь улмаар ашигаа нөхөхийн тулд тосоо хөөргөдсөн үнэтэйгээр зарахаас өөр аргагүйд хүрдэг байна. Аль болох бага зардлаар тосоо үйлдвэрлэж, чанараасаа хэт хол давсан үнээр борлуулдаг бөгөөд үүний хохирогчоор авч байгаа бүтээгдэхүүний чанараасаа хавь илүү үнэ өртөг төлж байгаа жолооч нар болж хоцордог.
Аливаа автомашин үйлдвэрлэгчийн албан ёсны баталгаат хугацааг хангахын тулд тухайн тос олон улсын OEM стандарттай байх шаардлагатай байдаг. Харин машины тосны таган дээр логогоо байршуулсан брэндүүдийн бүтээгдэхүүн энэ стандартыг давж гарах биш дөнгөж хүрэхтэй үгүйтэй байх нь элбэг юм.
Мөн та тос худалдаж авахдаа яг хаана үйлдвэрлэгдэж байгааг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Учир нь зарим брэндийн тоснууд өөр өөр улс оронд нэг нэрийн дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн брэндийн яг үндсэн эх оронд үйлдвэрлэгдсэн тос л стандартад нийцэж, хоёрдогч, гуравдагч улсад ижил брэндийн нэрэн дор үйлдвэрлэгдэж байгаа тоснууд нь чанар доогуур байх нь элбэг шүү.
Хэрэв зөвхөн таган дээрх брэндийн тосыг л хийгээд байвал юунаас хоцрох вэ?
Илүү чанартай тосыг сонгох нь хөдөлгүүрийн үрэлт элэгдлийг багасгаж, бензин түлш идэлтийг бууруулж, утаа хаялтыг зогсоон, моторын эдэлгээг уртасгаж, үнэтэй засвар үйлчилгээнээс сэргийлдэг. Мөн таган дээрх тосноос өөр, илүү сайн брэндийн тосыг хийснээр солих давтамжаа уртасгах гол давуу талтай. Хэрэв та өмнө нь 5000км тутамд тосоо сольдог байсан бол хэрэглээгээ чанаржуулснаар нэг хийсэн тостойгоо 10,000км туулах, улмаар нэг удаагийн солих зардлаа хэмнэх боломжтой юм.
OEM стандарттай тоснууд болон бие даасан тосны брэндүүд
Автомашин үйлдвэрлэгчид нь жилээс жилд аль болох өөрсдийн нэрийн тосыг борлуулах нь нэмэгдсээр байгаа. Гэвч автомашин үйлдвэрлэгчид нь өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэр болон суурь тосыг холих үйлдвэргүй байдаг юм. Үндсэндээ машин үйлдвэрлэгч нь нууцлалтай гэрээгээр тос тосолгооны брэндүүдэд захиалгаар тосоо хийлгэж авдаг байна.
Мэргэжлийн зөвлөгөө: Аль болох тухайн автомашин үйлдвэрлэгчийн нэрийн тосыг хийх нь өргөн хэрэглээний OEM тос хэрэглэхээс давуу талтай байдаг
Автомашин үйлдвэрлэгчийн өөрийн нэрийн тос нь таны машинд хамгийн тохиромжтой байдаг. Учир нь үйлдвэрлэгч нь тухайн загвартаа яг таарсан найрлага, зуурамтгай чанартайгаар гаргаж авсан тосыг санал болгодог юм. Орчин үеийн машинууд, тэр дундаа hybrid болон цахилгаан автомашинууд нь маш нарийвчлалтай, яг таарсан тосыг шаардах болсон бөгөөд үүнийг тухайн автомашин үйлдвэрлэгч нь л 100% мэдэх тул нэрийн брэндийн тос нь яв цав тохирсон сонголт байх болно. Харин өргөн хэрэглээний тоснууд нь ерөнхий багцаагаар, аль болох олон төрөл загварын машинд тааруулах зорилгоор 5W-30, 5W-40 гэх зэрэг зуурамтгай чанартайгаар үйлдвэрлэгдэн гардаг байна. Тэдгээр тоснууд нь таны машинд ерөнхийдөө таарах ч гэлээ автомашин үйлдвэрлэгчийн өөрийн тостой харьцуулахад яв цав тохирох нь эргэлзээтэй юм.
OEM стандарттай л бол шууд хамгийн сайн тосны сонголт болох уу?
OEM стандарттай тос гэдэг нь автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн лаборатори эсвэл үйлдвэр дээрээ тухайн тосыг туршиж үзэхэд шаардлагатай үзүүлэлтүүдэд хүрч эсвэл давж гарч чадсан гэсэн үг юм. BMW Longlife-01, MB 229.5, VW 502 00 гэх мэт олон OEM стандартууд бий. Ийм тос хийснээр таны машины үйлдвэрийн баталгаат хугацаа алдагдахгүй болно. Гэхдээ OEM нь тосны шалгуурын наад захын стандарт бөгөөд үүнээс хол давах чанартай тосыг боловсруулж хөгжүүлэх боломжтой байдаг. Иймд OEM стандарттай л бол ижил чанартай гэсэн үг биш юм. Зарим OEM стандарттай тос нь бусадтайгаа харьцуулагдахад тэнгэр газар шиг ялгаатай байж болно.
Нэг чухал санах ёстой зүйл нь аливаа моторын тос эдэлгээнийхээ явцад чанараа бага багаар алдаж байдаг юм. Чанараа хэр удаан хадгалах вэ гэдэг нь тухайн тосны нэмэлт бүтээгдэхүүний найрлага болон суурь тосны чанараас шууд хамаарна. Сайн тос бол дараагийн солих үйлчилгээ хүртэл чанараа хадгалж, тослох үүргээ бүрэн гүйцэт биелүүлсээр байдаг. Харин нэмэлт бүтээгдэхүүнээр дутмаг, муу тос нь эхэндээ стандартыг хангах боловч чанараа түргэн алдаж, тослох үүргээ бүрэн биелүүлж чадахгүй болдог байна. Энэ нь улмаар хөдөлгүүрт элдэв асуудал, эвдрэл үүсгэх, моторын насжилтыг богиносгох сөрөг үр дагавартай.
Мэргэжлийн зөвлөгөө: OEM стандартыг наад захын шаардлагаар харах хэрэгтэй. Эцсийн сонголтоо зөвхөн энэ стандартыг хараад л хийчхэж болохгүй
Тийм ээ, мэдээж таны сонгох моторын тос заавал OEM стандарттай байх ёстой. Гэхдээ дараах хүчин зүйлсийг давхар харгалзах хэрэгтэй шүү:
- TBN – Total Base Number буюу шүлтлэгийн хэмжээ: Таны хийж байгаа бензин түлшний чанараас хамаарч TBN буюу тосны шүлтлэгийн хэмжээ дагаад өөр өөр байх хэрэгтэй. Шатахуун түлшний чанар бага байх тусам шүлтлэгийн хэмжээ (TBN) их байх ёстой юм. Ихэнхи тоснууд нь өндөр чанартай Euro 6 шатахуун түлшинд зохицох хэмжээний шүлтлэгтэй байдаг. Тийм ч учраас дийлэнхи OEM стандарттай тоснууд нь чанар муутай бензин түлшнээс болж түргэн хуучирч мууддаг бөгөөд ойр ойрхон солих шаардлагатай болдог байна (зарим тохиолдолд энгийн солих давтамжаас тав дахин олон удаа солих шаардлагатай байдаг!).
- Царцах хэм: Тосны хөлдөж, царцах температур чухал байдаг. Ялангуяа Монголын нөхцөлд өвөлдөө огцом хүйтэрдэг тул сайтар харгалзах хэрэгтэй. Моторын тосыг сонгохдоо тухайн тосны царцах хэм дээр 10 градус нэмээд, амьдарч байгаа газрынхаа хамгийн хүйтэн хэмтэй харьцуулж үзэх хэрэгтэй. Жишээлбэл -39°C хэмд царцах тосыг зөвхөн -29°C болон түүнээс доош хэмд хийх ёстой юм. Өөрөөр хэлбэл өвөлдөө -35°C хүрдэг Монголын нөхцөлд царцах температур нь -45°C хэмтэй моторын тосыг хэрэглэвэл зохилтой.
- Уурших хэм: Энэ нь тос хөдөлгүүрийн хэт халалтын үед шатах температурыг зааж байдаг. Энэ хэм нь аль болох өндөр байвал сайн. Ялангуяа хүчирхэг хөдөлгүүртэй спорт автомашинуудад уурших хэм чухал байдаг.
- Ширгэх алдагдал: Энэ нь тос хэр хурдан ширгэж ууршихыг зааж өгдөг. Ширгэх алдагдал нь их байх тусам ойр ойрхон тос нэмж дүүргэх шаардлагатай гэсэн үг.