Машины урсгал үйлчилгээний зардлыг хэрхэн хэмнэх вэ?

Автомашин бол таны хийж болох хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг билээ. Тийм ч учраас өөрийн машинаа сайтар арчилж тордох нь чухал юм.

Машинаа хангалттай арчилж тордож чадахгүй бол зөвхөн урсгал үйлчилгээний хөлсөөр зогсохгүй илүү их санхүүгийн хохирол учирч мэднэ. Үнэтэй засвар хийлгэх, бүр шинээр машин авах ч шаардлагатай нүүр тулгарч болзошгүй юм.

Дараах алхамуудыг дагаж мөрдсөнөөр урсгал засварын зардлаасаа хэмнэх боломжтой шүү!

Дараах алхамуудыг дагаж мөрдсөнөөр урсгал засварын зардлаасаа хэмнэх боломжтой шүү!

Тосоо тогтмол солиулах

Хөдөлгүүрийн тосоо тодорхой давтамжтай, тогтмол солиулах хэрэгтэй. Машинаа хөнгөн шингэн байлгахад хамгийн чухал нөлөөтэй үйлчилгээнүүдийн нэг юм. Солих давтамж олон хүчин зүйлээс хамаардаг ч хамгийн багадаа 5000км тутамд солиулж байх нь зүйтэй. Хэрэв өөрөө тосоо солих цаг зав, боломжгүй бол мэргэжлийн туршлагатай авто сервист хандахыг зөвлөж байна.

Дугуйны даралт

Тогтмол шалгах хэрэгтэй өөр нэг зүйл бол дугуйны хий/даралт юм. Даралт нь суларсан дугуй таны машины шатахуун түлш зарцуулалтыг 20% нэмэгдүүлдэг болох нь туршилтаар батлагдсан байдаг. Та машиныхаа үйлдвэрлэгчийн гарын авлагаас тохиромжтой даралтын хэмжээг олж мэдэх боломжтой.

Автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд дугуйны даралтыг хянах систем буюу TPMS-ийг машинуудад суурилуулж эхэлсэн. Энэ нь шинээр үйлдвэрлэгдэж байгаа машинуудад суурилуулагдсан цахилгаан төхөөрөмж бөгөөд компьютерээр дугуйныхаа хийг тогтмол хянах боломжийг жолооч нарт олгодог байна.

Илүү дутуу нүх сүв үүссэн эсэхийг шалгах

Хаалга болон цонхонд ан цав, нүх сүв, зай үүссэн эсэхийг шалгаж бороо цас нэвтрэхээс сэргийлээрэй. Хэрэв бороотой үед машин дотор ус нэвтэрч байвал доод эд ангиудад (шал, арал г.м) зэврэлт үүсэх эрсдэлтэй юм.

Хаалганы зөөлөвч резин дээр ямар нэгэн бохирдол тогтсон эсэхийг шалгаж байхгүй бол борооны ус урсаж алга болохгүй бохирдол дээр тогтож, улмаар хөгцөрч зөөлөвч резинийг муутгах сөрөг үр дагавартай байдаг.

Урсгал завсар хийлгэх болгондоо ямар нэг тос тосолгоо, шингэн алдагдаж, дусалж байгаа эсэхийг шалгуулж өөрөө давхар нягталж байх хэрэгтэй. Хэрэв механик таньд яг хаана ямар нүх сүвээр алдагдаж байгааг хэлэхгүйгээр өөрөө дур мэдэн засах үйлчилгээ хийж, илүү хөлс нэхэх үзэгдэл мэр сэр байдаг тул ахлах ажилтнаас хариуцлага шаардаж гомдол мэдүүлэх хэрэгтэй юм. Хэрэв эелдэгээр асууж лавлавал шударга, үйлчилгээ сайтай механик бол ямар ч хүсэлтийг асуудалгүй хүлээн авдаг тул заавал нарийн мэдээлэл шаардаж байж үйлчилгээ хийлгээрэй.

Агаар шүүгч

Хөдөлгүүрийн агаар шүүгч болон салоны агаар шүүгчээ жил болгон буюу 15,000км тутамд солиулж байгаарай. Хэрэв та ямар нэг харшилтай бөгөөд дулааны улиралд цонхоо онгорхой орхин давхидаг бол заавал тогтмол агаар шүүгчээ үзэж шалгах хэрэгтэй юм. Учир нь тоос шороо амархан тогтож, шүүгчийг бөглөдөг бөгөөд ингэснээр мотор бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байх, агааржуулах системд доголдол үүсэх зэрэг сөрөг үр дагаваруудтай юм. Агаар шүүгчээ солиулахад ердөө тавхан минут хангалттай бөгөөд цаг тухайд нь солиулснаар машиныхаа эдэлгээг хэдэн жилээр уртасгах амин чухал үр дүнтэй шүү.

Машинаа тогтмол цэвэрлэх

Үнэнч төмөр хүлгээ гадар доторгүй цэвэр цэмцгэр байлгах нь өнгө үзэмж нэмэхээс гадна аливаа асуудлыг олж илрүүлэхэд амар хялбар болгож өгдөг юм. Хэрэв ямар нэг завсар үйлчилгээ хийлгэх хэрэг гарвал машиныхаа зургийг авч хадгалаад үйлчилгээ хийлгэх авто сервисээ зориорой. Ингэснээр механик таны машинд шаардлагагүй илүү үйлчилгээ хийж, нэмэгдэл хөлс нэхэх үед нотлох баримт болдог.

Эдгээр алхамуудыг дагаж мөрдсөнөөр урсгал засварын зардлаасаа хэмнэх боломжтой бөгөөд машинаа элдэв асуудалгүй хөнгөн шингэн, шинэ юм шиг байлгахад чухал нөлөөтэй шүү!

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.